Сурагч хамгаалал

 Сурагч хамгаалал

-Иргэн бүрт тараах 300 мянган төгрөг асуудлыг бүрэн шийдэж чадахгүй ч хоёр долоо хоногийн хугацаанд айлуудыг хоосон хонуулчихгүй байх.  Өнгөрөгч 2016 онд  1072 хувьцааны 300 мянган төгрөг тараахад долоон буудлын бүх дэлгүүрүүдийн архи, пиво нэг өдөрт зарагдаад дуусч байсан удаатай. Тиймээс дээрх мөнгөний тодорхой хэсэг нь архи, пивонд зарцуулагдах  эрсдэл  их бий.  Ер нь архи, пивоны татварыг нэмэх асуудлыг хурдан шийдвэрлэх шаардлагатай гэж харж байна. Оюутолгойн татвараас нэг их наяд төгрөг орж ирсэн нь мэдээж сайн хэрэг.  Нөгөөтэйгүүр, 300 мянган төгрөг тараах нь бодлогын хувьд зөв хэдий ч нийтээр нь хүүхдийн мөнгө шиг тараах нь зөв үү. Эдийн засаг хямарсан ч гэсэн тогтвортой ажиллаж байдаг төр захиргааны албан хаагчдад  300 мянган төгрөг өгөх шаардлага байсан уу гэх асуудал нийгэмд их маргаан дагуулсан.  Гэхдээ Засгийн газарт  иргэдээ ялгаж,  ангилах хугацаа байгаагүй. Хэрэвзээ төр захиргааны албан хаагчдад 300 мянган төгрөг өгөхгүй гэх шийдвэр гаргасан бол  Үндсэн хуулийн цэцэд иргэдээ ялгаварлан гадуурхлаа гэдэг асуудал үүсэх вий гэдгээс Засгийн газар зайлсхийсэн байх. 

Ерөнхийдөө 300 мянган төгрөг тараах нь асуудлыг шийдэж байгаа хэлбэр биш. Миний харж байгаагаар 2021 оны хоёрдугаар улиралд эдийн засаг хүндэрнэ. Тиймээс улсын төсөв дээр юу болж байна вэ гэдэг нь маш том асуултын тэмдэг дагуулж байна.

"Эрдэнэт" үйлдвэрийн 650 тэрбум төгрөгөөр иргэд, ААН-үүдийн цахилгаан дулааны үнийг тэглэсэн. Оюутолгойн татварын нэг их наяд төгрөгийг замаас нь иргэдэд тараачихлаа.  Улсын төсөвт орох ёстой мөнгийг замаас нь өөр зүйлд зарцуулаад байхаар төсөв хүндэрнэ. Энэ байдалтай бид маргааш биш юм гэхэд хэзээ нэгэн цагт нүүр тулна. Үүн дээр ямар ч шийдэлгүй болчихоод байна. Төрийн зүгээс түр зуурын аргацаасан шийдвэр л гаргаж байна.  Монгол Улс  сүүлийн 30 жилд урт хугацааны бодлогогүй явж ирсэн. Тиймээс 20-30 жил асуудалтай явж ирсэн эдийн засгийг богино хугацаанд сэргээх ямар ч боломжгүй. Урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх шийдэл нь  ажлын байрыг нэмэгдүүлэх юм.  Гэтэл уул уурхайгаас өөр үйлдвэрлэл байхгүй Монгол Улс  зэсээ зараад олсон мөнгөө буцаагаад улсаараа хуваагаад идэж байна. Ийм  тогтолцоо удаан оршин тогтнож чадахгүй.  Төр засгаас иргэдийг халамжлаад байя л гэдэг бодлого барихаас ажлын байрыг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого харагдахгүй байна. Иргэд ажил орлоготой байж ядуурлаас гарна. Төвбанкны үнэт цаасны хүүг буулгаагүй цагт "10 их наяд төгрөгийн төлөвлөгөө" амьдрал дээр   хэрэгжихгүй. Анхнаасаа УИХ, Засгийн газар иргэд, ААН-үүдийг хуурсан хөтөлбөр зарласан. Төв банкны үнэт цаасны хүү гурван хувиас доош  эсхүл тэг болсон цагт л энэ бодлого хэрэгжинэ.