Сургуулийн журам

Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.Ерөнхий боловсролын сургууль (цаашид "Сургууль" гэх)-ийн үйл ажиллагааны үндсэн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, бүрэн эрх, бусад байгууллага, иргэдтэй харилцах хэм хэмжээг тодорхойлж, сургуулийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийг баримтална.
 
1.2. Сургууль үйл ажиллагаандаа Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.
 
1.3. Сургуулийн үйл ажиллагааны үндсэн зорилт нь суралцагчдад боловсролын стандартаар тогтоосон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, тэдний хөгжих, төлөвших үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй удирдах, зохион байгуулах, эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа дэмжлэг үзүүлэхэд оршино.
 
1.4. Сургууль Бага, дунд боловсролын тухай хуулийн 12.2, 12.3 дахь хэсэгт заасан ангилал, хэв шинжтэй байна.
 
1.5. Сургууль хүүхдийн эрхийг дээдэлсэн, ардчилал, шударга ёс, ил тод байдал, хамтын удирдлагын зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа зохион байгуулна.
 
1.6. Сургууль өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан энэхүү дүрэмд нийцүүлэн сургуулийн дүрмийг баталж мөрдөх бөгөөд уг дүрэмд байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс, чиг үүрэг, хэв шинж, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, эзэмшүүлэх боловсролын түвшин, сургалтын хэлбэр, суралцагч элсүүлэх, чөлөөлөх, шилжүүлэх нөхцөл, сургалтын үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, нийгмийн баталгаа, санхүүжилт, бусад байгууллага, иргэдтэй харилцах зарчим болон тэдгээрт холбогдох асуудлын хүрээнд сургалтын байгууллагын дагаж мөрдөх хэм хэмжээг тусгана.
 
1.7. Сургууль нь бие даасан хуулийн этгээд байх бөгөөд зохих журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг хэрэглэх ба өөрийн бэлгэдэлтэй байж болно.