Беларусын Гомель хотод 100 буудалт даамын Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-аас арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд болж өндөрдөрлөлөө. Тэмцээнд 15 орны 250 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид нас бүрийн ангилалд оролцож алт, мөнгөн медаль тус бүр нэгийг хүртэн багийн дүнгээр зургадугаар байрт шалгарлаа.

Тэмцээний үндсэн төрлийн дүн есөн өргийн дараах дүн гарахад өсвөрийн ахлах нас буюу кадетын ангилалд өрсөлдсөн спортын мастер Б.Мишээл зургаа хожиж, хоёр тэнцэн, нэг хожигдож, нийт 14 оноо авснаар мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр ОХУ-ын Ольга Балуковтай адилхан оноотой байсан ч нэмэлт үзүүлэлт буюу коэффициентийн зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдлээ. Энэ ангилалд нийт 30 тамирчин өрсөлджээ.

2018 оны өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Б.Мишээл 2016 онд Туркийн Измирт зохиогдсон өсвөрийн ДАШТ-ий блиц төрлөөс хүрэл медаль хүртэж байсан юм. Тэрбээр энэ жил үндсэн төрөлд мөнгөн медалийн эзэн болсноор Монголын даамчдын амжилтыг үргэлжлүүлэв.

Монголын нийт 24 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдсөнөөс алт, мөнгө тус бүр нэгийг хүртэж, медаль хүртсэн орнуудаас Украйн, Эстони, Польшийн багийг ардаа орхин зургадугаар байрт бичигдлээ.