"ХҮНДЭТ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ, СУРАГЧИД АА.
ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ"

Танхимын сургалтыг зогсоож, зайн сургалтанд шилжүүлсэн энэ үед агуулгын хоцрогдол үүсгэхгүй байх зорилгоор теле хичээлтэй зэрэгцүүлэн сургуулийн захиргаанаас цахим сургалтыг олон янзын хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ.
Харамсалтай нь теле хичээл болон цахим сургалтанд сурагчдын хамрагдах байдал шаардлагын түвшинд хүрэхгүй, 90 орчим хувьтай байгаа тул энэхүү уриалгыг хүргэж байна.
Сургуулиас зохион байгуулж байгаа зарим ажлууд, цахим сургалтын талаар товч мэдээлэл хүргэе. АУБ болон хичээл заадаг багш нараасаа дэлгэрэнгүй мэдээлэл авч, цаг тухайд нь хамрагдаж, зааврын дагуу заавал шалгуулж, мэдэгдэж байх ёстой юм шүү.
1. 1-12 дугаар ангид хичээл заадаг нийт багш нар теле хичээлүүдийг үзэж, шаардлагатай тохиолдолд агуулгын хоцрогдол үүсгэхгүй байх зорилгоор цахим хичээл бэлтгэн явуулж байна.
2. 1-12 дугаар ангийн агуулгыг багтаасан “Сургуулийн цахим сангийн программ”-аар дамжуулж, багш нарын бүтээсэн е-хичээл, е-тест, е-номнуудыг сурагчид бие даан судлахад зориулан бэлэн байлгаж, хэрэглэх явцад нь хяналт тавьж байна.
3. 6, 7 , 8, 10 дугаар ангийн сурагчдад зориулан тэднийг “Номтой нөхөрлүүлэх, цахим орчинд цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэхээс сэргийлэх” зорилгоор зохиол уншуулах тэмдэглэл хөтлүүлэх, шүлэг цээжлүүлэх, эссэ бичүүлэх даалгавар хийлгэж байна.
4. 6, 7 , 8, 10 дугаар ангийн сурагчдын англи хэлний чадварыг сайжруулах зорилгоор шинэ үгсийн жагсаалт, дүрмийн хичээл, бичиж, ярьж сурах шаардалагатай танилцуулгуудыг хуваарийн дагуу хүргэж байна.
5. 9 дүгээр ангиудад Байгалийн ухаан, Нийгмийн ухааны нэгдмэл хичээлүүдээр жишиг даалгавар, сорилуудыг цахим хэлбэрээр тогтмол зохион байгуулж байна.
6. 11 дүгээр ангийн сурагчдад “Чанарын шалгалттай” хичээлүүдээр жишиг даалгавар, сорилуудыг цахим хэлбэрээр тогтмол зохион байгуулж байна.
7. 12 дугаар ангийн сурагчдад “Элсэлтийн ерөнхий шалгалт” өгөх хичээлүүдээр жишиг даалгавар, сорилуудыг цахим хэлбэрээр тогтмол зохион байгуулж байна.
8. Гүнзгийрүүлсэн сургалтын стандартаас давсан цагийн агуулгыг бүрэн гүйцэт сурагчдад олгох бодлого барьж, Англи хэл, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиудад стандартаас давсан түвшиний нэмэлт даалгавар тогтмол ажиллуулж, япон хэлний хичээлээр зайнаас ярилцлага хичээл зохион байгуулж байна.

Сургууль, багш нарын зүгээс танхимын хичээл эхлэх үед:
- Сурагчдын теле хичээлд хамрагдсан байдал, теле хичээлээр олж авсан мэдлэг чадварт дүгнэлт хийнэ.
- 84-р сургуулийн багш нарын онлайн хичээл, сорилын үр дүнг тооцож анализ хийнэ.
- Сурагч нэг бүрийн түвшинг тогтоох, дүн оноо тавих үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна.

Эрхэм хүндэт ээж, аавууд та бүхэн сургуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүүхэддээ анхаарал, шаардлага тавьж, бие даан суралцах нөхцлийг бүрдүүлэн, хүүхдээ ТЕЛЕ ХИЧЭЭЛ болон ЦАХИМ СУРГАЛТАНД нь бүрэн дүүрэн хамруулна уу !
Мөн та бүхэн бяцхан үрсдээ тавих анхаарал халамжаа сулруулалгүй “Хүүхэд хамгааллыг нэгдүгээрт” тавьж, гэрийн нөхцөлд хүүхэд ахуйн осол, эрсдэлд өртөх, эрүүл мэнд, аюулгүй байдлаараа хохирохоос сэргийлж, ус гал, тог цахилгаан, ахуйн эрсдлийг тооцоолж, бага насны хүүхдийг байнга харгалзах хүнтэй байлгаж, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөн тогтмол хийлгэж хэвшүүлээрэй.
Хичээнгүй сурагч та бүхэн бие даан амжилттай суралцаж, цагаа зөв хуваарилан, ТЕЛЕ ХИЧЭЭЛЭЭ тогтмол үзэж, багшийн өгсөн онлайн хичээл, үүрэг даалгаврыг сайн биелүүлж, заавал буцаан шалгуулж байгаарай.

ТЕЛЕ ХИЧЭЭЛ болон ЗАЙН СУРГАЛТАНДАА идэвхтэй оролцож, хорио цээрийн үеийг сурлагын хоцрогдолгүй давцгаая !

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 84 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРГАА