Улсын тэргүүний 84-р сургуулийн эцэг эхчүүдийн анхааралд

Сайн байна уу? АНУ-ын “Franklin Covey” компаний Монгол дахь салбар “Франклин Ковей Монголиа” компаний “Бяцхан манлайлагч” хөтөлбөрийг “Арвис”, “Монгени”, “Гурван Тамир” сургуулиудын адилаар өөрийн сургуульд хэрэгжүүлэх боломж байгаа талаар XI/25, 26, 27-ны өдрийн ангиудын эцэг эхийн хурал дээр танилцуулга хийж, мэдээлэл өгсөн. Энэ хурал дээр эцэг эхчүүдэд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой, зайлшгүй шаардлагатай гэсэн утгаар огт яригдаагүй, зөвхөн хэрэгжүүлж болох эсэх талаар санал асуулга л авсан билээ.

Гэтэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин, интернэт сайтуудаар “84-р сургууль зориудаар эцэг эхийн хурал зарлан энэ “Бяцхан манлайлагч” хөтөлбөрийг зайлшгүй хэрэгжүүл гэж тулгасан, 300.000 төгрөг хураалга гэж шаардсан, мөн БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх гэж байгаа” гэх мэт ямар ч хамааралгүй хүмүүс, албан тушаалтнуудын нэрийг дурдаж, ор үндэсгүй ташаа мэдээлэл тараасанд сургуулийн захиргааны зүгээс албан ёсоор залруулга өгч байна.

БСШУЯ болон Яамны сайд, НБГ, БЗД-ийн Боловсролын хэлтэс зэрэгтэй ямар нэгэн холбоо хамаарал байхгүй, бид зөвхөн сургуулийнхаа эцэг эхчүүдэд л танилцуулж, хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэж, хэрэв хэрэгжүүлье гэвэл дэмжих, эс дэмжих талаар санал асуулгын түвшинд л явагдаж байсан асуудал. Гэтэл нийгэмд ийм гүтгэлэг тарааж, хар буруу мэдээлэл цацаж, сургуулийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан явдалд харамсаж байна.

Ийм учраас уг хөтөлбөрийг дэмжих, эс дэмжих талаар эцэг эхчүүдэд өгсөн санал асуулгын хуудсыг хурааж авахгүй, нэгтгэхгүйгээр энэ асуудлыг бүрмөсөн зогсоож байна.

 

Улсын тэргүүний 84-р сургуулийн захиргаа.

2015.12.01